Өглөөний мэндээ.
Бид цувралаар та бүхэнд дотоод гэж юу болох ямар үүрэг рольтой талаара товчхон мэдээлэл оруулж байгаа билээ Харин өнөөдөр гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл оруулж байна.
Дотоод аудит нь байгууллагад стратегийн, үйл ажиллагааны, санхүүгийн зорилгодоо хүрэхэд нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын байдалд баталгаажуулалт өгдөг.
Дотоод аудитын байгууллагын эрсдэлийн удирдлагад гүйцэтгэх үүрэг
Дотоод аудитын олон улсын стандарт нь дотоод аудитыг байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцыг үнэлж, дүгнэхийг шаарддаг. Эрсдэлийг удирдах гэдэг нь байгууллагын зорилго, зорилтуудыг хангахад ямар эрсдэлүүд гарч болохыг тодорхойлж, үнэлэх, улмаар хариу арга хэмжээ болох хяналтуудыг оновчтой байдлаар хэрэгжүүлэх үйл явц юм.
Хэдийгээр дотоод аудит нь эрсдэлийн удирдлагын процессыг бий болгох эсвэл сайжруулахад удирдлагад туслалцаа үзүүлж болох ч эрсдэлийг удирдах гэдэг нь удирдлагын хүлээсэн үүрэг гэдгийг мартаж болохгүй юм.
Эрсдэлийн удирдлагын үйл явц үр нөлөөтэй эсэхийг тодорхойлохын тулд дотоод аудитаар дараах асуудлуудын хүрээнд үнэлгээ хийнэ.
v. Байгууллагын зорилтууд нь байгууллагын эрхэм зорилгыг дэмжиж, түүнд нийцсэн эсэх;
v. Гол чухал нөлөө бүхий эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлсэн эсэх;
v. Байгууллагын эрсдэл даах чадвартай уялдуулан эрсдэлд хариу арга хэмжээ авдаг эсэх;
v. Дээд шатны удирдлага, гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад эрсдэлтэй холбоотой мэдээллийг байгууллага дотор цаг тухайд нь мэдээлдэг эсэх.
Дотоод аудит нь байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцыг үнэлэн, түүнийг сайжруулах зөвлөгөө өгснөөр:
v. Байгууллагын дээд шатны удирдлага эрсдэлийн удирдлагын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар бодит мэдээлэл авна;
v. Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирна;
v. Байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирснаар аливаа гадаад болон дотоод эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Байгууллага эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсанаар үйл ажиллагаанд учирч болох аливаа сөрөг нөлөөллөөс боломжит түвшинд ангид байж чадна. |
Дотоод аудитын байгууллагын дотоод хяналтад гүйцэтгэх үүрэг
Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгддэг. Дотоод аудит нь дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Дотоод аудитаар байгууллагын засаглал, үйл ажиллагаа болон мэдээллийн системийн эрсдэлийг бууруулах хяналтуудын үр нөлөөтэй байдлыг доорх зүйлсийн хүрээнд үнэлнэ.
v. Санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөв байдал;
v. Үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр ашигтай ба үр нөлөөтэй байдал;
v. Хөрөнгийн хамгаалалт;
v. Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлт;
vi. НББ-ийн үйл ажиллагааны дотоод хяналтыг үнэлэх.
______________________________________________________________
Эрсдэлийг бууруулах зорилгоор дотоод хяналтын үйл явцыг бий болгох, зохион байгуулах нь байгууллагын удирдлагын хүлээх үүрэг юм. Байгууллагын удирдлага нь энэ талаар бодлого, журам боловсруулж хэрэгжүүлдэг. Дотоод аудиторууд нь харин эдгээр бодлого, журам хэрхэн үр нөлөөтэй хэрэгжиж байгаад үнэлэлт өгч, түүнийг сайжруулах талаар зөвлөгөө өгдөг.
Дотоод аудит нь байгууллагын дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлэн, түүнийг сайжруулах зөвлөгөө өгснөөр:
v. Байгууллагын дээд удирдлага дотоод хяналт үр ашигтай байгаа эсэх талаар бодит мэдээлэл авна;
v. Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр байгууллагын дотоод хяналт сайжирна;
v. Дотоод хяналт сайжирснаар байгууллага дотоод хүчин зүйлсээс үүдэн гарах аливаа эрсдэл, алдаа дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
Дотоод аудитын үр дүнд дотоод хяналт сайтай байснаар албан хаагчдын ажлын цаг ашиглалт сайжирч, ажлын бүтээмж дээшилнэ.
Дотоод аудитын байгууллагын засаглалд гүйцэтгэх үүрэг
Байгууллагын засаглал нь тухайн байгууллагын дээд шатны удирдлагаас зорилгодоо хүрэхээр байгууллагын үйл ажиллагааг хянаж, зохицуулж, удирдахаар хэрэгжүүлж буй процесс болон зохион байгуулалтын бүтцийн хослол юм.
Засаглалд байгууллагын бүтэц, соёл, бодлого, стратеги, ил тод байдал, ёс зүй гэх зэрэг зүйлс ордог.
Дотоод аудитын байгууллагын засаглалд гүйцэтгэх гол үүрэг нь Аудитын хороонд (түүнтэй адилтгах субъект) үүргээ гүйцэтгэхэд нь туслах юм. Үүнд томоохон дотоод хяналтын зөрчлийг тайлагнах, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнгийн талаар мэдээлэх, Аудитын хорооны хурлын хөтөлбөрт оруулах сэдэв, саналыг зөвлөх зэрэг үйл ажиллагаа орж болно.
Засаглалын үйл явцын хүрээнд дараах зорилгуудыг хангахад дотоод аудитын үйл ажиллагаа чиглэгддэг.
v. Байгууллагын ёс зүй, соёлыг эрхэмлэн дээдлэх;
v. Үр ашигтай гүйцэтгэлийн удирдлага, хариуцлагын системтэй байх;
v. Эрсдэл ба хяналтын талаарх мэдээллийг байгууллагын нэгж хэсгүүдэд хүргэх;
v. Дээд шатны удирдлага, гүйцэтгэх удирдлага, хөндлөнгийн ба дотоод аудиторуудын үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай байх.
Эх сурвалж: Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар
Commentaires