2001 онд дэлхийн хамгийн том үүрэн холбооны компаниудын нэг болох Worldcom санхүүгийн асуудалд орж, татан буугдсан нь 2008 оны хямрал хүртэл Америкийн түүхэнд дэх хамгийн өндөр дүнтэй дампуурал болж үлджээ. Дотком хөөсрөлтийн үед 175 тэрбум доллараар үнэлэгдэж байсан энэ компани татан буугдахынхаа өмнөх 2001 онд гэхэд л нийт ашгаа 3 тэрбум доллараар өсгөн худал мэдүүлсэн байв.

Иймэрхүү хэмжээний алдаа нэг өдрийн дотор үүсч таарахгүй, харин урт удаан хугацааны туршид компани дотор санхүүгийн болон бусад асуудал өрнөж, тэр асуудлыг хэн нэгэн этгээд ашиг сонирхлынхоо тулд олноос нууцалж байсан байх талтай. Тэгвэл Worldcom-н дотоод асуудлаа ямар аргаар олноос нууцалж байв?

Санхүүгийн тайланд нөлөөлөх

Worldcom орлогын тайлан, баланс, жилийн эцсийн тайлан зэрэг санхүүгийн мэдээллүүдээ худал мэдүүлж байв. Тэр дундаа санхүү хариуцсан захирал Скотт Салливан аккруал суурьт бүртгэлийн арга ашиглан зардлыг капиталжуулж бүртгэсэн байжээ.

Зардал капиталжуулах, аккруал суурь гэж юу вэ?

Зардал гарах үед байгууллага өөрсдийн баримталдаг санхүү бүртгэлийн аргаас хамааран зардлыг тухайн тайлант үед эсвэл хэд хэдэн тайлант үед хуваан тусгаж болдог. Байшин барилга, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө худалдан авах үедээ тухайн тайлант үед зардал хэт өндөр гарахаас сэргийлэн зардлыг хуваан бүртгэж болох бөгөөд энэ аргыг аккруал суурь гэнэ. Жишээ авч үзье:

А компани 100 сая төгрөгийн ашигтай ажилладаг. 2020 онд тэднийх 75 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд шинэ төхөөрөмжийг ашигласнаар ажилчдын бүтээмж нэмэгдэнэ. Хэрэв худалдан авалт хийсэн дүнг зардал хэмээн тухайн тайлант хугацаант бүртгэвэл компанийн жилийн ашиг дөнгөж 25 сая болж таарна. Үүний оронд төхөөрөмжийн зардлыг ашиглагдах хугацаа буюу 5 жилд хуваан бүртгэвэл 2020 онд компанийн ашиг 100-(75/5)=85сая төгрөг болно. Жилийн ашиг өндөр дүнтэй байх нь хөрөнгө оруулагчдыг татахаас эхлээд олон давуу талтай.

Дээрх жишээнд дурдагдсан тоног төхөөрөмж нь байгууллагын хөрөнгө болох тул зарлагыг энэ маягаар капиталын зардал хэмээн бүртгэж болдог. Компанийн ирээдүйн үйл ажиллагаанд ашиглагдах барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийг худалдан авч буй зардал нь нэг талаар компани өөртөө хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөж байгаа гэсэн үг юм. Харин түүхий эд материал, маркетинг, цалин хөлс зэрэг зардлууд нь хөрөнгө гэж тооцогддоггүй.

Гэтэл…

Worldcom-н санхүү хариуцсан захирал Скотт Салливан үйл ажиллагааны зардлуудыг хөрөнгө хэмээн бүртгэж капиталжуулсан байв. Ингэж Worldcom өндөр дүнтэй зардлуудаа хугацааны уртад хуваан бүртгэж, орлогын тайлан дах зардлын дүнгээ бодит дүнгээс багасгажээ. Үйл ажиллагааны зардлыг хөрөнгө оруулалт хэмээн бүртгэж мөнгөн урсгал, нийт ашгаа өсгөж харагдуулах нь үнэндээ тийм ч “мэргэжлийн” арга биш юм. Энгийн гэж хэлж болмоор бүртгэлийн ийм аргыг холбогдох санхүүгийн ажилтнууд мэдээгүй өнгөрсөн байх, хөндлөнгийн аудит анзаарч шалгаагүй байх магадлал тун бага.

Хэрэг явдал шүүхээр шийдэгдэж Worldcom-н гүйцэтгэх захирал Бернард Эбберс 25 жил, санхүү хариуцсан захирал Скотт Салливан 5 жил хоригдох ял сонсжээ. Мөн тэдний 2001 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийсэн Артур Андерсен компани чанаргүй шалгалт хийсэн нь ил болсон юм. Энэ аудитын компани нь Энроны скандалд холбогдоод удаагүй байсан бөгөөд алдаа гаргасан нь тодорхой болсон тул удалгүй татан буугдсан байна.

Энэ мэтээр томоохон корпарациуд санхүүгийн асуудалд орж нягтлан бодох бүртгэлийн фирм, хөрөнгө оруулалтын банк, зээлжих зэрэглэл тогтоодог мэргэжлийн байгууллагуудыг хөлдөө чирсэн хэд хэдэн хэрэг явдлын дараа Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Sarbanes-Oxley гэх хуулийг гаргаж санхүүгийн тайлангийн тодруулгад багтах зүйлсийг шинэчилж тогтоосон байдаг.

Эх сурвалж: www.balance.com

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *