Өнгөрсөн онд E&Y компаниас хийсэн финтек хэрэглээний тухай судалгаагаар 4 хэрэглэгч тутмын 3 нь мөнгөн шилжүүлэг, төлбөрийн гүйлгээ хийхдээ финтекийн үйлчилгээ авсныг онцолжээ. 27 зах зээлийн, идэвхтэй дижитал хэрэглэгчид дунд явуулсан энэ судалгаанд 27,103 хүн оролцсон бөгөөд тэдний хувьд финтекийг сонгон үйлчлүүлж байгаа хамгийн том шалтгаан нь зээлийн хүү, гүйлгээний шимтгэлийн бага дүн байв. Харин манай улсад 2019 оны 3дугаар улирлын байдлаар эрх бүхий байгууллагын зүгээс финтек хэмээн тооцогдож буй 8 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл эдгээр байгууллагуудын санхүүгийн үзүүлэлтүүд болон хэрэглэгчдийн тухай зарим мэдээлэлтэй танилцъя.

1. Финтекийн 10 хэрэглэгч тутмын 8 нь эмэгтэй

(Эмэгтэй харилцагчдын эзлэх хувийг улаан өнгөөр үзүүлэв.)
Уламжлалт ББСБ-н хэрэглэгчдийн хүйсийн харьцаа ойролцоо буюу эрэгтэй-43%, эмэгтэй-55%. Харин финтекүүдийн хувьд энэ тоо харьцангуй өөр байгааг нийт хэрэглэгчдийнх нь 82%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлснээс харж болно. Уламжлалт болон финтек ББСБ-г нийлүүлж харвал харилцагч иргэд 1,512,662 байгаа бөгөөд харилцагчдын 78,4% буюу 1,188,800 нь эмэгтэйчүүд байна.

2. Финтекийн 5 хэрэглэгч тутмын 1 нь зээл авдаг.

Финтекийн нийт харилцагчдын 18.2% нь зээл авдаг бөгөөд эдгээр зээлдэгчдийн 79.6% буюу 190,977 нь хэвийн зээлтэй. Харин уламжлалт ББСБ-н харилцагчдын 72.8% нь зээл авдаг бөгөөд эдгээр зээлдэгчдийн 90.2% буюу 129,623 нь хэвийн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл финтекийн зээлдэгчдийн тоо уламжлалт ББСБ-н зээлдэгчдээс олон боловч хэвийн зээлтэй харилцагчдын эзлэх хувь уламжлалт ББСБ-с 11 пунктээр бага байна.

3. Финтекийн 10 зээлдэгч тутмын 6 нь дээд боловсролтой.

Уламжлалт ББСБ-уудын зээлдэгчдийн 53% нь дээд боловсролтой байгаа бол финтекүүдийн хувьд энэ тоо арай өндөр буюу 63% байна.

4. Финтекийн 10 зээлдэгч тутмын 6 нь 35-аас доош настай

Финтекийн хэрэглэгчдийн 63% нь 18–35 насны иргэд байгаа нь уламжлалт ББСБ-тай харьцуулвал 22 пунктээр илүү байна. Харин салбарын дунджаар харвал 35 хүртэлх насныхан нийт зээлдэгчдийн 55%-ийг эзэлдэг.

5. ББСБ-аас иргэдэд олгож байгаа 1,000,000₮-ийн зээл тутмын 400,000₮-ийг финтекүүд олгож байна.

Финтекүүдийн хуулийн этгээдэд олгосон зээлийн 52% нь төлөгдсөн бол иргэдэд олгосон зээлийн 83% төлөгдсөн байна. ББСБ-ууд иргэдэд олгосон нийт зээлийн 39,7%-ийг финтекүүд олгожээ.

6. Финтекүүдийн зээлийн 91% нь хэвийн ангилалд байна

Уламжлалт ББСБ-н нийт зээлийн хэмжээ финтекээс 6 дахин их байгаа бөгөөд нийт зээлийн 86% нь хэвийн ангилалд багтаж байна. Харин финтекүүдийн нийт зээлийн 91% нь буюу 149 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байгаа юм.

7. Финтекийн хүүгийн бус орлого 18,2 тэрбум

Уламжлалт ББСБ-н санхүүгийн үзүүлэлтүүд финтекүүдээс өндөр дүнтэй байгаа боловч салбарын хүүгийн бус орлогын талаас илүүг финтекүүд бүрдүүлж байна. Энэ нь финтекүүд онлайн зээлийн үйлчилгээ санал болгохдоо хүү бус шимтгэл авч байгаатай холбоотой.

Иргэдэд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү уламжлалт ББСБ-д 3.1%, финтекүүдэд 3.5% буюу арай өндөр байхад финтекийн зээлдэгчдийн тоо уламжлалт ББСБ-аас 67%-иар их байгаа нь барьцаа шаардахгүй, түргэн шуурхай, бага дүнтэй зээлийн эрэлт өндөр байгааг харуулж байна. Цаашлаад тоон гарын үсгийн үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр зээлийн гэрээ байгуулах үйл явц илүү хялбар болох, P2P буюу иргэд өөр хоорондоо мөнгө зээлэх, зээлдүүлэх зэрэг таатай боломжууд хэрэглэгчдэд үүсэх юм.
Харин энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 539 ББСБ-н хэд нь финтек рүү шилжих бол, финтекүүд хуулийн этгээдүүдэд чиглэсэн зээлийн үйлчилгээгээ нэмэгдүүлэх үү, яагаад хэрэглэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна вэ, одоогоор онлайн зээлээр голдуу давалгаалж байгаа финтекүүд цаашдаа ямар төрлийн шинэ шийдэл санал болгох вэ, Европын арилжааны банкууд нээлттэй API-р дамжуулан хэрэглэгчийнхээ мэдээллийг финтекүүдэд хуваалцаж байгаа шиг “Нээлттэй банк”-ны шилжилт манайд явагдах уу зэрэг асуултууд тун сонирхолтой байна.

Тоон мэдээллийн эх сурвалж: www.frc.mn

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *