Нийгмийн тусын тулд чиглэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагууд нь тодорхой хэмжээний орлого олох боломжтой хэдий ч энэ орлогыг компани шиг эзэмшигчдийн ашиг болголгүй харин байгууллагын үйл ажиллагааг явуулахад зарцуулдаг. Тиймээс ашгийн бус байгууллагад олон нийтийн зүгээс өндөр итгэл хүлээлгэдэг билээ. Гэсэн хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад санхүүгийн гэмт хэрэг гарах тохиолдол цөөнгүй. Жишээ нь, 2004 онд Индонезид болсон цунамигийн үеэр цугласан хандивын мөнгөнөөс 20,000 паунд “дутсан” бөгөөд мөрдөн шалгалт хийх үеэр Оксфордод төвтэй Оксфам гэх ашгийн бус байгууллагын 22 ажилтан тухайн хэрэгт холбогдсон нь илэрч байв. Үүний дараахан буюу 2005-2007 оны хооронд Дэлхийн Зөн ОУБ-н Либери дах салбарт 1 сая доллараар үнэлэгдэх санхүүгийн гэмт хэрэг гарсан юм. Орон нутгийн мөргөлдөөнөөс болж хохирч байгаа иргэдэд хүнс болон бусад тусламж үзүүлэх зорилготойгоор USAID-ийн санхүүжилтээр хэрэгжиж байсан уг төслийн 3 ажилтан ашиглан хийсэн нь илэрсэн ба тэдний хоёр нь АНУ-д баривчлагдаж, шүүхийн танхимд 13 зүйлээр ял сонссон байна.

Сайхан сэтгэлээр бусдад туслах гэж хандив өгтөл тэр мөнгө буруу гараар орж байгааг мэдэх нь олон нийтийн хувьд Энрон шиг бизнесийн ертөнцийн супер од дампуурахаас ч цочирдом байдаг болов уу. Түүнчлэн нэг удаа л мөнгөний хэрэгт холбогдож хар нэр авсан бол тухайн байгууллага дахин санхүүжилт татахад тун хүнд болдог тул ашгийн бус байгууллага дах мөрдөн шалгах аудит гэдэг бол хамгийн ээдрээтэй сэдэв юм. Гэвч нэг тал өөрсдийн өгсөн хандив, хураамжиндаа хяналт тавих нөгөө тал мөнгөн үйл ажиллагаагаа үнэн зөвөөр, олон нийтэд нээлттэйгээр тайлагнах ёстой билээ.

Олон нийтэд нээлттэй

Нэр хүндээ алдах, дахин санхүүжилт татах боломжгүй болох зэргээс шалтгаалан ашгийн бус байгууллагууд ашиглан, залилан дотоодод нь тохиолдлоо ч олон нийтэд нээлттэй мэдээллэхгүй байх нь их. 2014 онд Австралийн ашгийн бус салбарт хийгдсэн судалгаанд оролцогчдын 54% нь байгууллагын нэр хүнд болон ирээдүйн санхүүжилтэнд сөргөөр нөлөөлөх учраас гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг мэдээллэдэггүй гэсэн байна.

Бас нэг судалгааны үеэр Францын 17 томоохон төрийн бус байгууллагатай холбогдоход, улсынхаа хүмүүнлэгийн хандивын 80%-ийг хүлээн авдаг эдгээр байгууллагуудын 11 нь хариулахаас татгалзжээ. Ийм байдлаар мэдээллийг хаалттай байлгах нь санхүүгийн луйвар, ашиглан явагдах хөрс суурийг бүрдүүлж өгдөг. КPMG компанийн нэгэн судалгаагаар мөрдөн шалгалтаар илэрсэн хэргүүдийн 77% нь олон нийтэд хүрдэггүй бол 54% нь байгууллага дотроо ч задардаггүй гэж байв. Тэгэхээр зөвхөн олон нийтэд нээлттэй гэлгүй байгууллага дотоодод санхүүгийн луйвар илэрдэг эсэх нь эргэлзээтэй. КPMG компанийн 2011 онд хийж байсан өөр нэг судалгаагаар ашгийн бус байгууллага дах мөнгөний залилан, ашигланг ахлах түвшний менежерүүд голдуу үйлддэг болох нь харагдаж байв. Хэрэв дотооддоо энэ тухай ил тодоор ярилцаж, зарим ажилчид “шүгэл үлээж” чадвал энэ төрлийн гэмт хэргийг газар авахаас нь өмнө сэргийлж чадах юм.

Үнэн зөв

Их Британи Умард Ирландын Вант улсад 2012 онд хийгдсэн судалгаагаар Англи, Шотланд, Вэлс дэх ашгийн бус байгууллагад нэг жилд гардаг санхүүгийн зөрчлийн дүнг 1.1 тэрбум паунд гэж тооцоолжээ. Англи улсад энэ салбарын мөрдөн шалгах чиглэлээр дагнан ажилладаг мэргэжилтнүүдийн тоо өсөж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь тэндхээс гаралтай Оксфам гэх олон улсын байгууллага хэд хэдэн удаа мөнгөний хэрэгт орж байсантай холбоотой юм. Жишээ нь, 2014 онд Оксфамын Англи дах салбарын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн захирал ашиглан хийсэн нь илэрсэн бөгөөд шүүх хурлын үеэр түүний завшсан мөнгөний хэмжээг 64,000 гаруй паунд гэж тодорхойлсон байна. Гэвч энэ үеэр зарим мэргэжилтнүүд “Оксфам ганцаараа ийм асуудалд холбогдсон нь биш. Харин тэд л хамгийн түрүүнд энэ төрлийн асуудлыг ил гарган тэмцэж байгаа нь.” гэж хэлж байжээ.

Ашгийн бус байгууллагуудад ямар хэргүүд хамгийн их гардаг вэ?

1. Зарлагын материал дах залилан

Оффисын хэрэглээ, тавилга зэргээс эхлээд бусад төрлийн худалдан авалт хийх үедээ нийлүүлэгч этгээдтэй үгсэн хуйвалдаж зарлагын баримтаа өндөр дүнгээр бичүүлэх, худалдан авсан бараа материалын тоог худал мэдүүлэх.

2. Цаасан дээрх ажилчид

Ажилчдын тоо, цалин хөлсний тухай тайланг хандивлагчдад мэдээллэх нь ашгийн бус байгууллага бүрийн хийдэг зүйл. Харин ашиглан хийх сонирхолтой этгээдүүд бүтэн цагаар цалинждаг ажилчид ажлаас гарсныг нууцлан төсвөөс хасалт хийхгүй байх, сайн дурын ажилчдыг цалин авдаг гэж бүртгэх, тусламж авч байгаа хүмүүсийн тоог худал мэдээллэх зэргээр төслийн зардлыг өсгөж, мөнгө шамшигдуулдаг байна.

3. Олон эх үүсвэр

Ганц төсөл хэрэгжүүлж байгаа боловч түүгээрээ дамжуулан олон газраас санхүүжилт татах.

4. Дүр эсгэгчид

Төрийн байгууллагаас зарлагддаг тендерийн зар гарахаас өмнө ялснаа “мэдэж” байдаг газрууд энд хамаарна. Дүр эсгэж мөнгө завчуулах бас нэг хэлбэр нь хэт өндөр үнэтэй сургалт болон воркшопууд байдаг. Олон нийтийн үйл ажиллагаа явуулах, оролцох үеэр төлөвлөөгүй нэмэгдэл зардлууд гарч болдог тул энэ төрлийн үйлдлийг донор байгууллагууд, дотоод аудитын багийнхан төдийлөн сэжиглэдэггүй байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

Мэргэжлийн байгууллагууд санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон зөвлөмжийг хүргэдэг бөгөөд үүнээс хамгийн үр дүнтэй аргууд нь дараах хоёр юм.

  1. Мэдээллийг аль болох нээлттэй түгээх. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санхүүгийн тайланг гаргах. Нийтэд мэдээллэхгүй онцгой шалтгаан байгаа бол удирдах зөвлөл, дотоод аудитын багийнхан, байгууллагын ажилчид дотроо мэдээллийг тухай бүр шинэчлэн хүргэж байх.
  2. Мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн санхүүгийн аудит. Мөнгөний луйвар, ашиглан гарсан тохиолдолд санхүү бүртгэлийн элдэв арга хэрэглэн үйлдлээ нуун дарагдуулсан байх магадлалтай тул энэ чиглэлээр мэргэшсэн мөрдөн шалгах аудитын багийнхантай хамтарч ажиллах.

Эх сурвалж: integritas360.org , www.reuters.com

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *