Төвлөрсөн бус, тогтмол, ил тод зэрэг олон давуу талтай блокчейн технологи нь хэдийгээр хөгжлийн эхэн үедээ явж байгаа боловч томоохон өөрчлөлтүүдийг хэдийн үзүүлж эхэлсэн бөгөөд цаашдаа олон салбарт тэсрэлт хийх ирээдүйтэй технологи гэгдэж байна. Блокчейнийг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа салбаруудын нэг нь банк санхүүгийн салбар юм. Global Fintech 2017 тайланд дурдсаны дагуу 2020 он гэхэд нийт финтекүүдийн 77% нь блокчейн технологийг ашиглах төлөвтэй байна.

Гэвч хамгийн чухал асуулт бол: Блокчейн банкны салбарыг үнэхээр өөрчилж чадах уу? Хэрэв тийм бол банкууд энэ технологийг яаж ашиглавал хамгийн сайн үр дүнд хүрэх вэ?

Харвард бизнес ревью сэтгүүлийнхний үзэж байгаагаар бол интернэт медиаг хэрхэн өөрчилсөн яг тийм байдлаар блокчейн банкны салбарт нөлөөлөх юм. Найдвартай, аюулгүй, төвлөрсөн бус, ил тод, харьцангуй хямд зэрэг давуу талууд нь мөнгөн гүйлгээг зохицуулахад төгс нийцэж байгаа тул блокчэйн технологи банкны салбарын амин чухал асуудлуудыг шийдэж чадна. Блокчейн технологийг ашигласнаар олон улсын төлбөрийн систем дэх гүйлгээний зардал 4тэрбум ам.доллар, цахим гэмт хэргээс үүдэлтэй алдагдал 7–9 тэмбум ам.доллараар тус тус буурна гэж McKinsey энэ сард гаргасан тайландаа дурджээ.

Банкууд блокчэйнийг хэрхэн ашиглаж байна вэ?

Шинээр гарч ирсэн технологид банк санхүүгийн салбарынхан эхэндээ хянуур бөгөөд эргэлзсэн байдлаар хандаж байсан бол өнөөдөр энэ байдал нэлээд өөрчлөгджээ. Санхүүгийн салбарын гигантуудын нэг Goldman Sachs нь криптовалют арилжааны платформ бүтээгч Circle-д хөрөнгө оруулсан бөгөөд криптовалютын чиглэлд тэргүүлэгч болохоор ажиллаж байна. Америкийн хоёр дах том банк, блокчейнтэй холбоотой хамгийн олон патент эзэмшигчдийн нэг болох Bank of America тусгай зөвшөөрөл бүхий блокчейн системийг ашиглаж эхэлжээ. Энэхүү систем нь зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд дата руу хандах эрхийг олгож байгаа бөгөөд хэн, хаанаас нэвтэрч байгаа зэрэг мэдээллийг бүртгэж авах юм. Ингэснээр дата дамжуулах явцад гардаг асуудлууд шийдэгдэж, эрсдэл багасна гэж үзэж байна.

Банкны үйл ажиллагаанд блокчейний нөлөө

  1. Цахим гэмт хэргийг бууруулна

Залилан, хуурамч гүйлгээнээс хэрэглэгчдийн мөнгийг хамгаалах нь банкны нэг чухал үүрэг билээ. Гэвч бидний ашигладаг төвлөрсөн датабаазын систем нь цахим гэмт хэрэгт өртөх магадлал өндөртэй бөгөөд ганц алдаанаас болоод систем бүхэлдээ гэмт этгээдийн гарт орж ч болох сул талтай. Харин блокчейн бол найдвартай, төвлөрсөн бус, халдлагад өртөхгүй систем юм. Гүйлгээ бүр нь криптограф нууцлалтай блок болж хадгалагдах бөгөөд бүх л блокууд өөр хоорондоо холбогдсон байх тул аль нэг блок дээр зөрчил үүсэхэд бусад блокуудад шууд мэдэгдэнэ. Иймээс банкууд блокчейны тусламжтайгаар цахим гэмт хэргээс хамгаалах хамгаалалтаа нэмэгдүүлэх боломжтой.

2. Хэрэглэгчдээ мэдэх нь

Санхүүгийн гэмт хэрэгтэн, мөнгө угаагч этгээдийг өөрийн хэрэглэгчээр бүртгээд авчихгүйн тулд санхүүгийн байгууллагууд чамгүй зүтгэл гаргаж, хяналт тавьдаг. Мөнгө угаах болон террорист үйл ажиллагааны эсрэг тэмцэх зорилгоор банкууд (KYC) хэрэглэгчдийн мэдээллээ төвлөрсөн бүртгэлийн системд оруулдаг байна. Энэ үйл ажиллагаанд блокчейн технологийг ашигласнаар нэг банкны шалгаж баталгаажуулсан хэрэглэгчийн мэдээллийг өөр нэг банк дахин хянах шаардлагүй болох буюу, өөрөөр хэлбэл, нэг ажлыг давхар хийх үр дүнгүй хөдөлмөрийг хөнгөвчлөх юм.

3. Смарт контракт

Смарт контракт буюу ухаалаг гэрээ нь тодорхой нөхцөл бүрдэхэд гүйцэтгэгдэх код бөгөөд санхүүгийн гүйлгээнд ашиглагдсанаар оролцогч талуудын үйл ажиллагааг илүү хурдтай, илүү хялбар болгоно. Дурдагдсан нөхцлүүд бүрдэх үед л гүйлгээ баталгаажих тул смарт контракт нь гүйлгээний үнэн зөв байдлыг мөн баталгаажуулж өгнө. Түүнчлэн оролцогч талууд бүгдэд нээлттэй тул үйл ажиллагааны үеэр алдаа гарах магадлагыг бууруулдаг ажээ.

4. Худалдааны санхүү

Банкны салбарт блокчейн технологийг хамгийн их ашиглаж байгаа нэгж бол худалдааны санхүү юм. Олон талыг хамарсан төвөгтэй гүйлгээнүүд блокчейн сүлжээнд холбогдсоноор импортлогч, экспортлогч талууд болон банк аль аль нь мэдээллийг нэг дансан дээрээс харах боломжтой. Смарт контрактууд автоматаар хийгдэх бөгөөд оролцогч талууд үйл явцыг цаг алдалгүй хянаж болно. Израйлийн Barclays хэмээх стартап блокчейн ашиглан өмнө нь 7–10 хоногт хийгддэг байсан гүйлгээг 4 цагийн дотор хийж эхэлсэн нь блокчейн технологийн хэрэглээ уламжлалт дэд бүтцээс бага өртөгтэй гэдгийг баталж байна.

Энэ мэтээр блокчейний хэрэглээ бидний амьдралд хэдийнэ нэвтэрч эхэлсэн ч бидний одоохондоо харж чадаагүй цоо шинэ боломжууд ч мөн байгаа билээ. Мэдээлэлд найдвартай, ил тод, хялбар хандах боломжийг олгож байгаа энэ технологийг санхүүгийн салбарын томоохон тоглогчид өөрсдийн анхааралдаа авч зарим нь дотооддоо туршиж байгаа бол, зарим нь энэ төрлийн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: www.hackernoon.com, www.mckinsey.com

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *