Санхүүгийн үйлчилгээг зохицуулах технологид суурилан хэрэглэгчдийн мөнгө байршуулах, хадгалах, зээлэх, хөрөнгө оруулах, шилжүүлэх, төлбөр хийх болон мөнгөө эрсдлээс хамгаалах хандлагыг өөрчилдөг старт-ап болон компаниудыг финтек гэнэ. (McKinsey&Company)

Санхүүгийн салбарт цоо шинэ тэсрэлт хийж буй гарааны бизнес, технологийн компаниуд төдийгүй дотооддоо дижитал шилжилт нэвтрүүлж байгаа уламжлалт санхүүгийн байгууллагуудын аль аль нь финтек юм. Товчхондоо бол технологи ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд энэ нэршилд хамаарна.

Тэгвэл үүлэн систем, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг технологиудад суурилсан арилжааны банк, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйлчилгээнүүд та бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

  1. Мобайл төлбөр. Хэрэв та ухаалаг утсаа ашиглан Хаан банкны аппликейшнээр шилжүүлэг хийж, утасны нэгжээ Ард дижитал банкаар цэнэглэж, Playtime-н тасалбарыг LendMN хэтэвчээр худалдан авч, CU-с авсан хотдогны төлбөрөө CandyPay-р хийж, СӨХ-н мөнгөө МостМонигоор төлж байгаа бол финтекийн үйлчилгээ таны өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг хэдийнээ болжээ.
  2. Онлайн зээл. Лендээр эхэлсэн онлайн зээлийн давалгаа одоо Zeely, Mostmoney, Ard, Kmobi, CandyPay, Zeel.mn-р үргэлжилж байна. “Хүүгүй гэсэн хэрнээ хэтэрхий өндөр шимтгэл тогтоож байна” гэж шүүмжлүүлдэг ч хэрэглэгчээс барьцаа, банкны эдийн засагчийн өрөөнд хүлээж зогсох цаг зав, толгой эргэм олон бичиг баримт бүрдүүлэх тэвчээр шаарддаггүй нь онлайн зээлийн давуу тал юм. Гэнэтийн шаардлага гарсан үед ломбарданд эд зүйлсээ барьцаалдаг, найз нөхдөөсөө тусламж гуйдаг байсан олон хүн одоо дээр нэр дурдсан аппликейшнүүдийн хэрэглэгч болсон байх.
  3. Crowdfunding платформ. Kickstarter, GoFundMe зэрэг олон төрлийн эх үүсвэрээс хөрөнгө босгох болон хөрөнгө оруулах боломжийг олгон хэрэглэгчдийг хооронд нь холбосон платформууд бий. Харин манайд ийм шинэчлэл хийхээр ажиллаж буй газар нь Zeel.mn бололтой. www.zeel.mn сайтад “харилцагч 10сая хүртэлх зээл авах боломжтой төдийгүй зээл өгөх боломжтой” гэжээ.
  4. Криптовалютын арилжаа. Биткойн, Этэриум, Литкойн зэрэг криптовалют арилждаг платформуудын нэг болох Сoinbase нь 20сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд 42 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд Trade.mn цахим бирж нь энэ төрлийн арилжаа хийх боломжийг хэрэглэгчдэд олгодог бөгөөд одоогоор 22,999 хэрэглэгчтэй гэж мэдээллэжээ.
  5. Санхүүгийн хөтөч. Орлого зарлагаа тооцож, хувийн санхүүгээ хянах нь хэрэгтэй боловч багагүй цаг зав бас нилээд сахилга бат шаардсан ажил билээ. Харин технологийн ачаар бичиг цаас, төлбөрийн баримтан дунд живэх ажлаас бид аврагдаж байна. Хувийн санхүүгийн хөтөч аппликейшнүүд нь хэрэглэгчийг зарлагаа хянахад төдийгүй хуримтлалтай болж, хэрэглээгээ зохицуулахад нь тусалдаг нэг төрлийн “санхүүгийн фитнес” юм. Манай зах зээл дэх санхүүгийн хөтчийн жишээ нь Голомт банкны “Миний санхүү” цэс билээ.

Финтекийн дайралт манайд хэрхэн өрнөж байгаа тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах видеог үзээрэй. /Syndicate Talk-35/

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *