Технологийн шинэчлэлт санхүүгийн салбар тэр дундаа арилжааны банкуудад багагүй өөрчлөлтийг авч ирж байна. Зах зээл дээр хүчтэй тоглогч хэвээр үлдэхийн тулд банкууд олон нийтэд нээлттэй, ил тод байхын хажуугаар мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд анхаарах гэсэн шалгууруудтай тулгарах боллоо. International Data Corporation байгууллагын хэрэглэгчийн банкны судалгааны газрын захирал Марк ДеКастрогийн онцолсноор санхүүгийн салбарт гарч буй хамгийн том давалгаа нь “Нээлттэй банк” юм. ДеКастро болон түүний багийнхний нэрлэсэн “2019 онд арилжааны банкуудад тохиолдож буй хамгийн чухал трендүүд”-ийг хүргэе.

  1. Нээлттэй API

Европ, Америк болон Зүүн азийн зарим орнуудад хэдийнээ танил болсон “Нээлттэй банк” гэх ойлголт нь санхүүгийн байгууллага өөрийн API-г нээлттэй байдлаар гаргаж харилцагч болон бусад байгууллагуудтай хуваалцахыг хэлнэ. Ингэснээр банкнаас өөр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд нээлттэй API дээр суурилан өөрсдийн аппликейшнийг хөгжүүлж эцсийн хэрэглэгч, жижиглэн худалдаа эрхлэгчид болон бусад байгууллагуудыг банкны мэдээлэлд холбох юм. Жишээ нь, энэ оны гуравдугаар сард Apple компани нээлттэй API ашиглан өөрийн кредит картыг худалдаанд гаргасан билээ. Goldman Sachs, Mastercard-тай хамтран гаргасан энэ бүтээгдэхүүнийг танилцуулах үеэр Propel Venture Partners хөрөнгө оруулалтын компанийн удирдлага “Мөнгө бол нэг хэлбэрийн дата. Харин датаг зохицуулж, хадгалахдаа Apple маш сайн” хэмээжээ.

Хэрэглэгчдийн хувьд нээлттэй банк нь тухайн хэрэглэгч банкинд байгаа өөрийн дата руу нэвтрэх улам өргөн сонголтыг бий болгож байгаагаараа давуу талтай юм.  Энэ мэт дэвшлийг амлаж байгаа боловч нээлттэй банкуудыг тодорхой дүрэм журамгүйгээр орхих нь эрсдэл дагуулж таарна. Европын холбоо 2015 оноос эхлэн нээлттэй банкны асуудалд анхаарч эхэлсэн бөгөөд PSD буюу Төлбөрийн үйлчилгээний захирамжийг гаргасан байна. Зах зээлд оролцогчдын нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гарсан уг захирамжийг өнгөрсөн оноос Европын холбооны гишүүн орнууд хэрэгжүүлж эхэлжээ. Мөн уг захирамжийн дагуу уламжлалт банкууд нээлттэй API-р дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээдэд гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа юм. Тоглоомын дүрэмд ингэж өөрчлөлт орсноор банк банктайгаа өрсөлддөг байсан цаг ард хоцорч санхүүгийн салбарын хаалга шинэ тоглогчдод нээлттэй болж байна.

2. Дуут банк

Хүний нүд, царай, дуу хоолой, хурууны хээ зэрэг дахин давтагддаггүй шинж чанаруудыг ашиглан нууцлал үүсгэхийг биометр нууцлал гэх болсон билээ. Хэрэглэгчийн дуу хоолойг түлхүүр болгон банкны үйлчилгээ үзүүлэх нь одоохондоо хэрэгжиж эхлээгүй ч арилжааны банкууд энэ төрлийн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан ботуудыг хэрэглэгчийн үйлчилгээний төвд байрлуулах зэрэг туршилт хийгдэж байгаа бөгөөд PwC компанийн мэдээлснээр технологи аль хэдийн бэлэн болсон харин энэ төрлийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, интеграци хийх ажил банкуудад үлдэж байгаа ажээ. ДеКастрогийн багийнхны үзсэнээр ирээдүйн банкууд дах виртуал туслахууд хэрэглэгчидтэй дараах байдлаар ярилцах боломжтой гэнэ.

Хэрэглэгч: Миний санхүүтэй холбоотой шинэ мэдээ байна уу?

Алекса: Таны цахилгааны төлбөр 180$ гарсан байна

Хэрэглэгч: Цахилгааны төлбөр дандаа ийм гардаг уу?

Алекса: Өнгөсөн сард таны цахилгааны төлбөр 90$ гарсан. Гэхдээ таны өнгөрсөн сарын төлбөр төлөгдөөгүй юм шиг байна. Та цахилгааны компанитай холбогдох уу?

Хэрэглэгч: Тийм

3. Блокчейний судалгаанаас хэрэглээ рүү

Блокчейн технологи нь худалдааны санхүүгийн салбарт өргөн хэрэглэгдэж байгаа боловч арилжааны банкны ертөнцөд төдийлөн танил бус байсаар байна. Accenture компани саяхан гаргасан судалгаандаа “банкуудын 90% нь блокчейн болон төстэй технологийн хэрэглээг судалж байгаа ч ердөө 13% нь л үйл ажиллагаандаа ашиглаж байна” гэж дурджээ. Судалгааны компанийн үзэж байгаагаар бол блокчейн технологийг ашиглах нь банкуудад зардлаа бууруулахад туслаад зогсохгүй цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд нь түлхэц болох юм. Төвлөрсөн бус дансны тусламжтайгаар төлбөр тооцооны хурдыг нэмэгдүүлж шимтгэлийг бууруулах, санхүүгийн байгууллагуудын хоорондох гүйлгээг хурдасгаж клиринг болон сеттлемент системийг сайжруулах зэргээр блокчейн технологийн арилжааны банкуудад үзүүлэх эерэг нөлөө олон байна. Гэвч хуулийн зохицуулалт хийх, банкууд хоорондоо зөвшилцөж нэгдсэн сүлжээ, дэд бүтэц босгох зэрэг асуудлууд ч бас байсаар байна.

Технологийн тусламжтайгаар арилжааны банкууд тогтмол зардлаа бууруулж, ажил явагдах процесс үндсээрээ өөрчлөгдөнө гэж McKinsey үзжээ. Энэ өөрчлөлтүүдийн нөлөөгөөр банкууд финтекүүдтэй хамтран ажиллаж дата брокер зэрэг шинэ үйлчилгээнүүд үзүүлэх боломжууд мөн нээгдэж байна.

Эх сурвалж : http://biztechmagazine.com

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *