Тодорхойгүй, хэцүү нөхцөлд дата ашиглах нь чадал сорьсон, төвөгтэй зүйл гэж амжилттай яваа гарааны бизнесүүд үздэг. Дата аналистууд судалгааныхаа үр дүнг хана давуулан шидэж орхиод л дараагийн нэг ажилдаа ханцуй шамлан орох тохиолдлууд бий. Гэтэл өнөөх судалгаа, шинжилгээний үр дүнг шийдвэр гаргагчид бүрэн ойлгоогүй, мэдээгүй бол датанаас гарах мэдээллүүдийн үнэ цэнэ алдагдаж таарна.

Харин Airbnb дата аналист болон шийдвэр гаргагчид идэвх санаачлагатайгаар хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулдаг ажээ. Ингэснээр тэд бизнестээ үнэ цэнэ үүсгэн,  өөрсдийн үйлчилгээгээ сайжруулж байна. Үр дүнд нь хэрэглэгчдийн тоо өсөж, захиалга нэмэгдэнэ.

Тэгвэл ганц ч зочид буудал, түрээсийн байр эзэмшдэггүй энэ компани хэрхэн хамгийн том зочид буудал, байр түрээсийн систем болтлоо өргөжиж чадав? Тэд чухал шийдвэрүүдээ хэрхэн гаргадаг вэ? 21р зууны газрын тос гэгдээд байгаа датаг тэд хэрхэн ашигладаг вэ?

Үнэ тогтоох:
Сая сая хэрэглэгчдийн датан дээр үндэслэн хөгжүүлсэн Airbnb-н механизм нь байрны эздэд захиалга ирэх магадлал өсөх боломжтой уялдуулан түрээсийн үнэ тогтооход тусалдаг. Airbnb-н тооцоолсон алгоритм өдөр бүр ялгаатай үнэ санал болгоно. Ингэснээр байрны эзэд календариа үзээд тооцоолж буй үнэ нь аль өдрүүдэд тохиромжтой байгааг хялбархан харж болох юм. Ногоон өнгөтэй бол энэ үнээр захиалга авах магадлал өндөртэй, харин улаан өнгөтэй байвал тогтоосон үнээ эргэн харах хэрэгтэй гэсэн үг. Захиалгыг ийм байдлаар өсгөх нь байрны эзэд болон Airbnb-д аль алинд нь ашигтай.

Хайлтын үр дүнг сайжруулах:
Байр хайж буй хэрэглэгчдийн хайлтын үр дүнг сайжруулах тасралтгүй үйл явцын дүнд Airbnb алгоритмд суурилсан шийдэл боловсруулахаар их дата руу “шумбан оржээ”. Гол асуудал нь хэрэглэгчийн сонголтын онцлог, газар зүйн хувьд ойр байдал зэргийг уялдуулан тооцоо хийх байлаа. Олон удаагийн туршилтын дараа Airbnb-н алгоритм хэрэглэгчийн хандлагын статистик модел, дата визуйлизэйшнийг ашиглан газар зүйн байршилтай нарийн уялдсан үр дүнгүүдийн үзүүлдэг болов. Байр хайж буй хэрэглэгчид очиж буй хотынхоо аль хэсэгт байвал гайхалтай аялалыг бүтээж чадахыг нь Airbnb харуулж байна. Өөрөөр хэлбэл тухайн байр хотын төвөөс хэр зайтай байдаг гэдгээс хамаагүй илүү үнэ цэнэтэй үр дүнг хэрэглэгчдэд өгнө.

Байрны эзэд зочид хүлээн авах шийдвэрээ гаргах нь:
Хэрэглэгч сэтгэгдэл өндөр байхад нөлөөлдөг эхний алхам нь байрны эзэн түүний хүсэлтийг хүлээн авах юм. Үүний тулд Airbnb байрны эзэд болон түрээслэгч нарыг олж тохируулах маш сайн алгоритм хөгжүүлэх шаардлагатай болжээ. Шийдэл нь зочин хүлээж авах магадлалаар нь байрны эздийг зэрэглэн ангилж үүнийгээ хайлтын үр дүнгийн хэсэгт харуулах байв. Энэ тооцоолол нь байрны эздийн гаргаж буй эерэг шийдвэрийг 4%-иар өсгөж Airbnb, хэрэглэгч, байрны эзэн гэсэн гурван талд ашигтайгаар тусчээ.

Эцэст нь дүгнэхэд, Airbnb их хэмжээний, чанартай дататай байгаа нь үнэн боловч датаг ашиглан ухаалаг шийдвэрүүд гаргаж буй нь тэдний амжилтын гол түлхүүр юм. Судалгаа, анализаас гарах үр дүнг удирдлагууд ойлгоогүй, чухалд тооцоогүй, дата аналистууд удирдлагаа сайн танилцуулаагүйгээс үүсдэг байсан алдааг тэд давтсангүй. Airbnb-н бизнесийн үнэ цэнэ нь дата аналистууд болон шийдвэр гаргагчдын нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа юм.

Эх сурвалж: Харвардын бизнесийн сургууль, 2017 он

www.digit.hbs.org

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *