Олон улс дамнасан том корпараци, жижиг гарааны бизнес байх эсэхээс үл хамааран бизнесийн шийдвэр бүрийн гол цөм нь өгөгдөлд суурилах хэрэгтэй байдаг. Хэрэглэгчдээ хэрхэн сэтгэл ханамжтай байлгах вэ гэдгээс эхлээд олон чухал асуултад хариулахад тань өгөгдөл туслах болно. Үүнээс авч болох мэдээллүүд дээр үндэслэн удирдлагууд бизнесээ өргөжүүлэх чухал шийдвэрүүд гаргадаг. Үйлдэл, шийдвэрд нөлөөлөх нь өгөгдлийн хамгийн том хүч юм.

Энэ нийтлэлд шийдвэр гаргахдаа өгөгдлийг ашиглах хэрхэн ашиглах тухай 10 алхмыг танилцуулж байна.

1. Зорилготойгоор эхлэх
Биг датаны өгдөг олон боломж, мэдээлэл дунд “төөрч” орхих нь их амархан зүйл. Харин зорилготойгоор эхлэх нь таныг хөөснөөс зайлсхийж, өөрийн бизнестээ хэрэгтэй зүйлсийг сонгож авахад тань тусална. Тиймээс хамгийн эхэнд анхаарах зүйл бол “та аль өгөгдлийг ашиглаж болох” тухай биш “таны бизнесийн хүрэх гэж буй цэг хаана байгаа” тухай юм.

2. Чухал зүйлсээ тодорхойлох
Өгөгдлөөс ямар мэдээлэл авах зорилгоо тодорхойлсны дараа та “бизнест тань юу илүү чухал вэ?” гэдэг асуултад хариулт өгөх хэрэгтэй болно. Хэрэв хоёр гуравхан чухал асуудлыг шийдэх болвол та алийг сонгох вэ? Хэрэглэгчдийн хандлага уу? Санхүүгийн байдал уу? Үйл ажиллагаа юу?

3. Асуултаа бэлдэх
Хариултыг нь авах ёстой асуултуудаа нарийвчлан бэлдсэнээр та зөвхөн өөрт хэрэгтэй өгөгдөл дээрээ л төвлөрч чадна. Ингэснээр та өгөгдөл цуглуулах шалгуур, өртөг, цаг заваа хэмнэх юм. Өөрөөр хэлбэл хэрэг болж магадгүй мэдээлэл бүрийг цуглуулахын оронд та “х болон у хувьсагчийг хэмжээд z асуултад хариулах” болно.

4. Өгөгдлөө хайх
Дараагийн шат бол өөрийн асуултуудад хариулах өгөгдлөө хайх юм. Тиймээс танд хэрэгтэй, таны асуудалд хамгийн ихээр тохиромжтой өгөгдлүүдийг судалж эхлээрэй. Ашиглаж болох өгөгдлүүдээ жагсаан бичсэнийхээ дараа хялбархан ашиглаж болох, хэр үр дүнтэй байх зэрэг тооцооллыг хийж өөрт тохиромжтой өгөгдлийг сонгож болно.

5. Танд ямар өгөглүүд байгаа вэ?
Хэрэгтэй өгөгдлөө тодорхойлоод гаднаас хайхаасаа өмнө та өөрт байгаа мэдээллүүдээ нягталж үзээрэй. Байгууллагын дотоод бүртгэл, үйл ажиллагааны тэмдэглэл, бичиг баримтууд дотор үнэ цэнэтэй мэдээллүүд байх нь цөөнгүй.

6. Зардал ба үр дүнгийн тэнцвэр
Өгөгдөл, мэдээллүүдийг цуглуулах өртгийг тооцоолсныхоо дараа та энэ өртгийг нөхөж чадах үр дүнтэй өгөгдлийг л сонгож ажиллах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өгөгдөл гэдэг бол өөрийн нөхөх ёстой нэг төрлийн хөрөнгө оруулалт юм.

7. Өгөгдлөө цуглуулах
Асуудлыг тань шийдэж чадах өгөгдлөө тодорхойлсноор та өгөгдөл цуглуулах шатанд ирнэ. Анализ хийхэд бэлэн болгож бэлтгэсэн өгөгдлүүдийг худалдаж авч болох ч ихэнх байгууллагууд өөрсдөө өгөгдөл цуглуулж, судалгаа хийдэг.

8. Өгөгдөлд анализ хийх
Цуглуулж бэлтгэсэн өгөгдөлдөө анализ хийхийн гол зорилго нь бизнестээ хэрэгтэй мэдээллийг гаргаж авах билээ. Хэрэв үгүй бол энэ хүртэлх үе шатуудад хийсэн бүхэн үр дүнгүй болж таарна. Ексел гэх мэт энгийн багажуудыг ашиглан анализ хийж болох ч илүү судалгаа хийж, нарийн дүгнэлт гаргахын тулд мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй.

9. Үр дүнг танилцуулах

Хэрэв та анализын үр дүнгээ зөв хүмүүст, зөв цагтаа танилцуулаагүй бол таны бүх л ажил мөн хэрэгцээ багатай зүйл болж хувирна. Тиймээс анхаарлаа хандуулах нэг чухал үе шат бол өгөгдлөөс гаргаж авсан мэдээллээ сонирхолтой байдлаар, хэрэгтэй хүмүүст нь танилцуулах юм.

10. Үйлдэл болгох

Эцэст нь та өгөгдлөөс гарсан мэдээллийг бизнесээ өргөжүүлэх чухал шийдвэрүүд гаргахдаа ашиглаж болно. Энэ үе  бол судалгаа, анализ хийх урт аялалын хамгийн чухал шат юм. Одоо та өгөгдлийг үйлдэл болгох л үлдлээ.

Бернард Марр, Форбес сэтгүүлийн 2016 оны дугаараас авав.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *