Суурин компьютерт суулгасан программ хангамжийн тусламжтайгаар нягтлан бодох бүртгэлийн тооцоог хийдэг үе хуучны уламжлал болж эхэлжээ. Энэ өөрчлөлтийг авч ирж буй шинэ бүтээгдэхүүн нь “үүлэн бүртгэл” юм. Хамгийн энгийнээр бол үүлэн бүртгэл гэдэг нь таны хэрэглэж буй програм хангамж онлайнд суурилсан байхыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл програм болон датаг компьютерийн хард дискэнд биш интернетийн орчинд хадгалж, интернетийн орчинд олон талаас зэрэг ашиглах боломжтой болно. Үүл гэдэг бол интернет. Интернетэд холбогдож, тэндээс мэдээллээ авч, тэнд мөн мэдээллээ оруулна гэсэн үг.

Тэгвэл үүлэн бүртгэлийн давуу тал юу вэ?

  • Автомат

Үүлэн систем нь гараар тооцоо хийх ,бүртгэл хөтлөх үйл ажиллагааг автоматжуулна. Ингэснээр тооцооны болон бусад нягтлан бодогчид цаг хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зэрэг илүү чухал зүйлд анхаарлаа хандуулах боломжтой болно.

  • Хэзээ ч, хаанаас ч ашиглах боломж

Заавал програм суулгасан төхөөрөмжөө л ашиглах, зөвхөн оффисын байрандаа сууж байх албагүй болжээ. Хэрэв та интернетэд холбогдож л байгаа бол хүссэн үедээ, хүссэн газраасаа бүртгэл хөтөлж болно. Энэ боломжийн ачаар гэрээсээ ажилладаг хүмүүсийн тоо нэмэгдэж, байгууллагууд зардлаа бууруулдаг. Жишээ нь, бага насны хүүхдээ харж буй нягтлан бодогчид үүлэн системийн ачаар гэрээсээ ажиллаж байна.

  • Цаг алдахгүй, шуурхай

Бизнест өрнөж буй бүх үйлдэл, орж буй орлого, үүсэж буй зардлыг яг одоо мэдэх боломжийг үүлэн тооцоолол олгодог. Өөрөөр хэлбэл тооцооны нягтлан бодогчдын оруулж буй мэдээлэл, гүйлгээ бүр өгөгдлийн санд автоматаар бүртгэгдэж энэ бүртгэлийг багийн бусад хүмүүс шууд харж болно. Зөвхөн интернет л хэрэгтэй.

Хэрэв үүлэн бүртгэлд шилжихгүй бол яах вэ?
Үүлэн систем, интернет орчинд суурилсан програм хангамж бол ирээдүй юм. Цаасан дээр, хуучны программ дээр хийж буй бүртгэл, санхүүгийн тайлангууд асуудалгүй явж байгаа ч гэлээ нягтлан бодох бүртгэлийн орчин асар их өөрчлөгдөж байна. Сүүлийн зуун жилийн дотор л гэхэд бүртгэлийн систем сампингаас тооны машин, компьютер, тусгай программуудад шилжжээ. Тиймээс энэ хурдацтай өөрчлөлтөнд дасан зохицох нь нэн чухал юм.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *