Эрчим хүчний чиглэлээр голлон үйл ажиллагаа эрхэлдэг Энрон компани 2002 онд 63.4 тэрбум долларын алдагдал хүлээж, дампуурлаа зарласнаар санхүүгийн ертөнц дэх хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг жишээ болсон билээ. Арав гаруй жилийн өмнө болж өнгөрсөн боловч энэ сэдэв их сургуулиудын хичээл дээр жишээ болон судлагдаж, мэргэжилтнүүдийн дунд яригдсаар байна. Бүр сүүлийн жишээгээр гэхэд л Энроны удирдах албаны 151 ажилчдын имэйл бүхий датанд анализ хийх тэмцээн зарлагдаж байв. Хэрэг хуучрахгүй, тэр тусмаа дижитал орчинд.

Энроны скандал олон нийтийн ярианы бай болж үүний дараахан АНУ-д шинэ хууль хүртэл батлагдаж байсны нэг шалтгаан нь энэ хэрэгт санхүүгийн хянан шалгах байгууллага орооцолдсон юм. KPMG, Ernst & Young, Deloitte, PricewaterhousCoopers-тай зэрэгцэн бүртгэл, аудитын “Их тав” гэж нэрлэгддэг байсан Arthur Andersen LLP Энроны санхүүгийн гэмт хэрэгт холбогдож мэргэжилтнүүдийг цочроосон билээ.

Энэ явдлаас бид хөндлөнгийн аудит ямар ёс зүйтэй байх ёстой, нягтлан бодох бүртгэл хөтлөх аргаас хамааран ямар гэмт хэрэг санхүүгийн тайланд нуугдаж байдаг тухай мэдэж болох юм.

КОМПАНИЙ ТУХАЙ

Энрон нь 1985 онд байгуулагдсан бөгөөд АНУ-н нутагт үйл ажиллагаа явуулж байжээ. Компани дотроо олон салбар, нэгжтэй байсан ч тэдний хамгийн ашигтай нь эрчим хүчний салбар байлаа.

ОНЦЛОХ ЗҮЙЛС

  • Хамгийн ашигтай үедээ Энроны нэг хувьцаа 90.75 доллараар үнэлэгдэж байв.
  • Форбес сэтгүүл Энроныг “Хамгийн шинэлэг, инновацитай компани” хэмээн зургаан жилийн турш өргөмжилж байв.

ГОЛ ТОГЛОГЧИД

Гүйцэтгэх захирал Жеф Скиллинг ба хуучин гүйцэтгэх захирал Кен Лэй

ШИЙТГЭЛ

Лей шүүх хурлын шийд гарахын өмнө нас барсан бол гүйцэтгэх захирал Скиллинг 24 жил шоронд хоригдох шийтгэл авчээ. Компани өрөнд орон дампуурлаа зарласны дараа Энронд хөндлөнгийн аудит хийж байсан Артур Андерсен ч мөн шүүхэд дуудагдав.

БҮРТГЭЛИЙН ЯМАР АЛДАА ГАРГАСАН БЭ

1992 оноос эхлэн Энрон нягтлан бодох бүртгэлийн шинэ арга хэрэглэх болсон нь олон жил үргэлжилсэн санхүүгийн булхай эхлэх хөрс нь байжээ. Тэд их хэмжээний өр төлбөрүүдийг балансад тусгалгүй орхигдуулж байв. Гүйцэтгэх захирал Скиллинг үүнийг эртнээс мэдэж байсан бөгөөд санхүүгийн тайланг хуурмагаар мэдүүлэх энэ ажлыг түүний ойрын менежэрүүд гүйцэтгэж байжээ.

ЯАЖ ИЛЭРСЭН БЭ

Корпорацийн хөгжлийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Шерон Уоткинс тэргүүтэй шүгэл үлээгчид бодит үнэнийг олонд ил болгожээ.

ҮР ДАГАВАР

  • Энроны 4000 ажилтан ажилгүй болсон.
  • Энроны 15000 ажилчид тэтгэврийн хадгаламжийнхаа талаас илүүг алдав. Учир нь ажилчдын ихэнх нь тэтгэврийн хадгаламжийн мөнгөөрөө компанийн хувьцаа авсан байлаа.
  • Хөндлөнгийн аудитын компани болох Артур Андерсен CPA тусгай эрхээ хураалгаж, 85000 хүн ажилгүй болов.

Дараагийн удаад Энроны ашиглаж байсан бүртгэлийн арга, тэдний санхүүгийн тайлан дах асуудал яаж илэрсэн тухай дэлгэрэнгүй хүргэх болно.

Бүртгэл зөв бол Бизнес зөв
Таны ажилд амжилт хүсье

Гэрэл зургийг www.unsplash.com-с

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *