Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгчдийн нэг Месси шүүхэд дуудагдаж, бизнес нь ид цэцэглэж байх үедээ 101 тэрбум долларын ашигтай ажиллаж байсан Энрон компани дампуурлаа зарлаж, харилцаа холбооны чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байсан WorldCom хөрөнгө оруулагчдын 180 тэрбум долларыг салхинд хийсгэн гүйцэтгэх захирал нь шоронд сууж, АНУ-н ерөнхийлөгч асан Хардингийн туслах Алберт Фолл хахууль авсан нь илчлэгдэж мөн л шоронгийн хаалга татсан тухай та хаа нэгтээгээс сонсож байсан уу? Эд бол санхүүгийн гэмт хэргийн жишээнүүд юм. Санхүүгийн гэмт хэрэгт татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах, мөнгөний ашиглан хийх, санаатайгаар хуурамч баримт бүрдүүлэх, мөнгө угаах, албан тушаалаа ашиглан, эрх бүхий этгээдүүдтэй хамтран мөнгө шамшигдуулах зэрэг үйлдлүүд багтана. Эдгээр үйлдлүүдийг илрүүлэн, үнэн зөвийг тогтоох нь мөрдөн шалгах аудитын гол зорилго юм.

Санхүүгийн тайлангийн аудитын үеэр байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг нягтлан шалгадаг бол мөрдөн шалгах аудитын үеэр санхүүгийн гэмт хэргүүд дээр илүү төвлөрөн ажиллана. Энэ чиглэлээр мэргэшсэн аудиторууд нь санхүүгийн луйврыг илрүүлэх, мөнгөний ашигланг тогтоох зэрэг санхүү, бүртгэлийн маргаантай ажлууд дээр түлхүү ажиллаж байсан туршлагатай байдаг. Мөрдөн шалгах аудитын багийнхний илрүүлсэн томоохон явдлуудын нэг бол WorldCom-ын скандал билээ.

2002 онд, WorldCom компани 50 тэрбум долларын алдагдалд орсноо хүлээн зөвшөөрч, дампуурлаа зарлав. Гүйцэтгэх захирал Эбберс өөр бусад бизнесүүдийг худалдан авч, компаниа өргөжүүлэх болсноор энэ бүх түүх эхэлжээ. Тэрээр MCI Communications-г худалдан авч дараа нь Sprint гэх өөр компанийг нэгтгэхээр оролдов. Бусад бизнесүүдийг худалдан авах, нэгтгэх ажиллагаа нь удаан явцтай байсан боловч Волл Стрийнхний өмнө ашигтай ажиллаж байгаа мэт харагдахын тулд Эбберс чамгүй хүч зарж байлаа. Өнгөн талдаа бол урагшилж байгаа мэт энэ компанийн жинхэнэ нууц тун удалгүй задарчээ. Сэжиг бүхий, хэд хэдэн журналын бичилтүүд гарч ирсний дараа аудитын багийнхан шалгалт хийж компани үнэндээ 5 улирлын турш хуурамч санхүүгийн тайлан гаргаж байсныг тогтоосон байна. Компанийн зарим удирдлага болон тэдэнтэй холбоотой этгээдүүд нягтлан бодох бүртгэлийн ямар арга хэрэглэсэн нь ч тодорхой болов. Тэд үйл ажиллагааны явцад гарсан зардлыг бүртгэлгүй орхигдуулж, хөрөнгийг капиталжуулах замаар зардлыг нуун далдалж, бүртгэлийн хуурамч бичилтүүд хийн орлогоо ихэсгэж байв. Өөрөөр хэлбэл тэд зардлаа багатай, өндөр орлоготой харуулах бүх аргыг хэрэглэж байлаа. Гэвч “амжилттай” яваа энэ компанийн ард 3.8 тэрбум доллараар үнэлэгдэх санхүүгийн гэмт хэрэг явагдаж байв.

Хамгийн сонирхолтой нь энэ асуудлыг Worldcom-н дотоод аудиторын багийнхан илрүүлсэн юм. Мөрдөн шалгах аудитын багийг ахалж байсан Синтиа Күүпер нэгэн ярилцлагадаа “… Алдар нэртэй, туршлагатай гүйцэтгэх захирлууд тэрбумаар тоологдох хэмжээний санхүүгийн луйвар хийгээд байна гэхэд итгэх хүн бараг байгаагүй. Гэхдээ бүх зүйл нэг л сэжигтэй байсан учраас би багийнхантайгаа хамт ажиллаж эхэлсэн.” гэжээ. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд цаг үргэлж амжилттай яваагаа зарлаж, өндөр ашигтай тайлангаа олон нийтэд танилцуулдаг зарим байгууллагуудын хөшигний цаана юу өрнөж байдгийг Синтиагийн багийнхан илчилсэн юм. Энэ явдлаас болж Worldcom-н зарим гүйцэтгэх удирдлагууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Эбберс 25 жилийн ял сонсож, 30.000 хүн ажилгүй болохдоо тулж, хөрөнгө оруулагчид 180 тэрбум долларын алдагдал хүлээжээ.

Синтиагийн багийнхний хийсэн ажил зарим хүмүүсийн гайхшийг барах байх. “Энэ аудиторууд өөрсдийн удирдлагыг асуудалд унагааж, өөрсдийн ажиллаж байгаа компанийг дампууруулчихлаа шүү дээ” гэж бодож болох юм. Гэвч, үүнд хоёр хариулт бий. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажилд оролцож байгаа аудиторууд асуудалд ёс зүйтэй, мэргэжлийн байр суурьнаас хандах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн гэмт хэргийг эрт зогсоох тусам хор хөнөөл нь бага тусна.

Хэрэв Синтиа болон түүний багийнхан асуудлыг илрүүлж, олонд дэлгээгүй бол Эбберс тэргүүтэй нөхөд хичнээн олон хүний хөрөнгө оруулсан мөнгийг үрж, хэр их хохирол учруулах байсныг тооцох аргагүй билээ.

Гэрэл зургийг www.unsplash.com – c

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *