Технологи өндөр хөгжсөн тэр үед нягтлан бодогчид, санхүүчдийн үүрэг ямар байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна.

Таны туршлагаас харахад нягтлан бодох бүртгэлээр сурж байгаа хүмүүст ямар чадварууд хамгийн их хэрэгтэй байдаг вэ?

Сургалтын хөтөлбөр бүрт оюутнуудад олгох чадваруудыг жагсааж бичсэн байдаг. Түүний дагуу их сургууль, мэргэжлийн байгууллагууд мэдлэг олгодог. Харин суралцагсдын хувьд бол, юун түрүүнд мэргэжлийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хүмүүс хөрөнгийн менежмент, аудитор, үнэлгээ зэрэг өөр чиглэлээр хөрвөж ажиллах боломтой байдаг. Ийм хөрвөх чадвартай байхын тулд дээд боловсрол эзэмшиж буй хүмүүс мэргэжлийн, суурь мэдлэгээ сайжруулахад маш сайн анхаарах ёстой. Харин суурь мэдлэгээ сайн олж чадаагүй бол зах зээлд, ажлын байран дээр гараад төвөгтэй болж эхэлдэг. Хоёрдугаарт, бие дааж суралцах. Их сургууль дөрвөн жилийн хугацаанд тухайн мэргэжлийн бүх зүйлийг зааж өгөх боломжгүй юм. Их сургуулиас ерөнхий чиг, суурь мэдлэгээ олж авахын хажуугаар бие даан суралцаж, өөрийгөө хөгжүүлэх чадвар эзэмшсэн байх хэрэгтэй.

Ажлын байранд гарахад, бодит байдал дээр нягтлан бодогч байхын давуу болон сул талууд нь юу юу байдаг вэ?

Санхүүгийн бусад олон чиглэлд хөрвөж ажиллаж болдог нь энэ мэргэжлийн томоохон давуу тал. Гэхдээ сүүлийн жилүүдэд мэргэжилд тавигдах шаардлагууд их өөр боллоо. Аж үйлдвэрийн 4дүгээр хувьсгал хийгдэж буй энэ эринд ажил мэргэжил ч хувьсан өөрчлөгдөж байгаа юм. Өмнө нь нягтлан бодогчид данс хөтөлж, тайлан гаргах үүрэгтэй байсан бол тав, арван жилийн дараа ажил үүрэг нь ихээхэн өөрчлөгдөх байх болно. Дансны харьцаа бодож, гүйлгээ баланс гаргах гээд олон ажлуудыг программ хангамжаар шийддэг болоход яах вэ гэдэгт нягтлан бодогчид бэлэн байх хэрэгтэй. Нягтлан бодогч гэдэг мэргэжил арай алга болчихгүй байх. Тэгвэл технологи өндөр хөгжсөн тэр үед нягтлан бодогчид, санхүүчдийн үүрэг ямар байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нь нэг талаар давуу тал боловч нөгөө талаараа бас анхаарах ёстой асуудал. Тиймээс техникийн эрин үед боловсон хүчнээ ямар байдлаар бэлдэх вэ гэдэг нь их сургуулиудын асуудал болж байна.

Одоо суралцаж байгаа оюутнуудыг шинэчилсэн аргаар сургаж бэлдлээ гэж бодъё. Гэтэл төгсөөд удсан, ажиллаж эхлээд аль хэдийн арав хорин жил болсон хүмүүс технологийн энэ эринд яаж зохицох вэ?

Мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиуд төгсөгчдөө давтан сургах ёстой юм. Эдгээр байгууллагуудаас олгогдсон мэргэжил, мэдлэг нь тодорхой хугацааны дараа хуучирчихдаг учраас төгсөгчдөө давтан бэлддэг. Жишээ нь манай ММНБИ мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэхээс гадна одоо ажиллаж буй ажилтнуудыг цаг үеийн шаардлагатай уялдуулж дахин сургадаг.

Энэ хурдан өөрчлөлттэй хамт таны хичээл заах арга барил арав, хорин жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөж байна уу?

Би санхүүгийн шинжилгээний хичээл заадаг. Одоо бол тооцооллоос илүүтэй тэр тооцооллын учир шалтгаан, агуулгыг л хамгийн түрүүнд ойлгуулж заах хэрэгтэй. Тоон үзүүлэлтүүдийг үржиж, хувааж тооцоолох нь тооны машины л ажил болчихлоо. Тэгвэл энэ үзүүлэлтүүд ямар учиртай, ямар шалтгаанаас болж өсөж буурч байгааг л зааж өгөх юм. Ер нь нягтлан бодогч хүн бол зөвхөн тайлан гаргадаг биш гаргасан тайландаа шинжилгээ хийж, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц дүгнэлтүүдийг танилцуулж байх ёстой.

Яг л таны хэлсэн шиг технологийн энэ их хурдтай хөгжлөөс хоцорчих гээд байгаа юм шиг, яарахгүй л бол болохгүй санагдаад байх юм

Тэгэлгүй яахав. Гэхдээ яарахаасаа өмнө бодлоготой байх хэрэгтэй. Юуг ахиж сурах вэ, юунд хүрэх вэ гэдэг асуултууддаа хариулт олсны дараа “яарч эхэлнэ”. Яг энэ нөхцөлд их дээд сургууль, мэргэжлийн байгууллагууд хүмүүсийн зам чигийг хэлж өгдөг. Зарим хүмүүс яарсаар байгаад өөр тийшээ явчихаж бас магадгүй шүү дээ.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *